“ДДС” ТӨХК-ИЙН ИХ ЗАСВАРЫН ЗӨВЛӨГӨӨН ӨНӨӨДӨР /2026.05.08/ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ДДС”ТӨХК нь 2026-2027 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зуны их засварын ажлыг зохион байгуулахтай холбогдуулан их засварын зөвлөгөөнийг зохион байгуулав.
-2026 оны зуны их засвараар 16 бригад, 73 инженер техникийн ажилтан, 19 ажил гүйцэтгэгч, 67 бригадын гишүүд, нийт 151 мэргэжилтэй ажилтнуудын бүрэлдэхүүнтэй 14 нэр төрлийн 90 багц ажлуудыг хийхээр төлөвлөн, их засварын график гарган батлуулж, графикийн дагуу хийгдэх ажлаа хэлэлцэн, гарч болох хүндрэл, сайжруулах арга хэмжээгээ төлөвлөн их засварын зөвлөгөөнөө зохион байгуулж ажиллав. Засварын зөвлөгөөний үеэр орчин үеийн шинэ дэвшилтэт, техник технологийг танилцуулахаар “Икон” ХХК-ийг урьж оролцуулсан ба алба хэлтсийн удирдлагууд, инженер техникийн ажилтан, бригадын дарга нар болон гагнуурчид зөвлөгөөнд оролцлоо.
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО БА СУУЦ ӨМЧЛӨГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
Нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй иргэн бүрийн мэдэх ёстой Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-нд хамаарах эрх зүйн чухал мэдээллийг хүргэж байна.
1. Та СӨХ-ны гишүүн байх ёстой юу?
Тийм. Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах, хамгаалах зорилгоор СӨХ-г заавал байгуулдаг. Уг орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бүр хуулийн дагуу тухайн холбооны гишүүн байна. Уг орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бүр хуулийн дагуу тухайн холбооны гишүүн байна.
2. СӨХ-ны төлбөр хэрхэн тооцогддог вэ?
СӨХ-нд төлөх зардлыг дараах хоёр төрөлд хуваана:
• Нийтлэг зардал: Цахилгаан шат, шатны хонгил, орцны хаалга, цонхны засвар үйлчилгээ зэрэг зардлыг нийт сууцны тоонд хувааж тооцно.
• Засвар, үйлчилгээний зардал: Дээвэр, доод хонгил, дулаан, усны шугам сүлжээ зэрэг дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, даатгалын зардлыг өмчлөгчийн дангаар өмчлөх талбайн хэмжээнд хувь тэнцүүлэн хуваарилна.
3. “Би ашигладаггүй учраас төлбөр төлөхгүй” гэж болох уу?
Үгүй. Өмчлөгч дундын өмчлөлийн эд хөрөнгийг (жишээлбэл: цахилгаан шат, дээвэр гэх мэт) ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь тухайн зардлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
4. Гэр доторх засвар ба СӨХ-ны хамаарал.
Өмчлөгч нь өөрийн сууцандаа засвар, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, стандарт шаардлагыг мөрдөж, бусад өмчлөгчдийн эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх үүрэгтэй. Хэрэв таны сууцанд байгаа дулаан, цахилгаан, холбооны шугам сүлжээ нь нэгээс дээш сууцанд хамааралтай бол энэ нь дундын өмчид тооцогдох тул дур мэдэн өөрчлөхийг хориглоно. Мөн өмчлөгч, эзэмшигч нь сууцныхаа зориулалт, төлөвлөлт, үндсэн бүтэц, хийц, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх хуульчилсан.
СӨХ бол таны өмчийн үнэ цэнийг хадгалах, аюулгүй байдлыг хангах зорилготой хамтын байгууллага юм. Иймд эрх, үүргээ ухамсарлан, хөршүүдтэйгээ зөв харилцаа бий болгон амьдрах нь чухал.
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЦГЭЭЕ
Иргэн та ой, хээрийн бүсэд зорчихдоо гал түймрийн аюулгүй байдлыг хангаж:
Ил задгай гал түлэхгүй байх,
Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
Өнжмөл өвс, хог хаягдлыг шатаахгүй байх
Машины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
ХҮҮХДҮҮДИЙН АМЬ АВАРСАН ОБГ-ЫН АЛБАН ХААГЧ Н.ЦОГБАЯРТ ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГЭБОНЗ-ийн дарга А.Янжмаа 3 хүүхдийн амь насыг аварсан Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Нямсүрэнгийн ЦОГБАЯР-т өнөөдөр Дарханчуудын өмнөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Н.Цогбаяр нь албан үүргээ гүйцэтгээгүй явж байх үедээ 3 давхарын тагтнаас унах, хүндээр бэртэж гэмтэх эрсдэлд орсон байсан бага насны 3 хүүхдийг аврахын тулд шуурхай арга хэмжээ авч, тагтаар дээш дамжин гарч, авран тэдний аюулгүй байдлыг ханган нэгэн гэр бүлийг элэг бүтэн үлдээж чадлаа. Дэслэгч Н.Цогбаярт талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх үеэр аймгийн ИТХ-ын дарга, ГЭБОНЗ-ийн дарга А.Янжмаа "Эрсдэлт нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадварыг үзүүлж, цаг алдалгүй шуурхай ажиллан баатарлаг үйлс бүтээсэн нь энэ цаг үеийн бахархалт үйлсийн тод жишээ болж байна" хэмээн онцоллоо. Мөн тэрээр ахуйн орчинд хүүхдийн аюулгүй байдал хангагдахгүй байгааг онцлон бага насны хүүхэдтэй айл өрх бүр зориулалтын цонхны хаалт хийж аюулгүй байдлыг хангахыг уриаллаа.
ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026 ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Ерөнхий сайд Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар Европын хөрөнгө оруулалтын банктай нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын Санамж бичиг байгуулсан нь хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсон гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
“Европын өдөрлөг 2026” үйл ажиллагаа Дархан-Уул Аймагт ирэх сарын 23-нд болох гэж байгааг дурдаж өдөрлөг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулагдана.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОД СУРГУУЛИЙН 7.8 АНГИ “НЭГ АНГИ – НЭГ САЙН ДУРЫН АЖИЛ” АЯНД НЭГДЛЭЭ
Дархан-Уул аймгийн Од сургуулийн 7, 8-р ангийн нийт 37 сурагч сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож, хорооллын тоглоомын талбайг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Тэд 3 багт хуваагдан, хуучин хорооллын 9-р байрны тоглоомын талбай, Од сургуулийн А байрны урд талын тоглоомын талбай зэрэг нийт 3 байршилд тоглоомын талбайг нэг бүрчлэн угааж, хог хаягдлыг цэвэрлэн, хүүхэд багачуудын аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Энэхүү сайн дурын ажил нь сурагчдын нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааг төлөвшүүлэхээс гадна орчны бохирдлыг бууруулж, хүүхэд багачуудын тоглох орчныг сайжруулах чухал ач холбогдолтой боллоо. Сайн үйлсийн аяныг хэрэгжүүлсэн Од сургуулийн 7.8-р ангийн сурагчиддаа талархал илэрхийлж, бусдад үлгэр дуурайлал болж байгаад баяр хүргэе.



