Нийтийн тээвэртэй холбоотой асуудлын тухай
АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР НЭГ АСУУДЛЫГ БОЛОВСРУУЛАЛТЫН ШАТАНД БУЦААЛАА /2025.09.23/
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийн хуралдаанд 6 асуудал танилцуулагдсанаас 5-ийг нь хуралдаанд уламжлахаар санал нэгдлээ. Үүнд:
- Аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай,
- Аймгийг 2026 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө батлах тухай,
- Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолборын үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих тухай,
- Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах тухай,
- Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф батлах тухай зэрэг асуудлууд байв.
Харин "Машин цагийн зардлын тариф батлах тухай" буюу нийтийн тээвэртэй холбоотой асуудлын материал дутуу байсны улмаас боловсруулалтын шатанд буцаалаа. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд чирэгдэл учруулахгүй шуурхай шийдвэрлэх үүднээс аймгийн ИТХ-ын хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад нээлттэй хэвээр үлдээж, богино хугацаанд дахин боловсруулалт хийн энэ сарын 26-ны өдөр бэлэн болгохыг Зөвлөлийн гишүүд холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. Тус нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд Баасан гарагийн 15:00 цагт дахин хуралдана.
Авто зам ашигласны төлбөр, хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох даацын хязгаарлалтад олгох түр зөвшөөрлийн тарифт өөрчлөлт оруулах нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна.
Хэзээ: 2025.09.24-ний 10:00 цагт Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд
АЙМГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН ХЭЛЭЛЦЭХ БУСАД АСУУДЛУУДЫГ ӨРГӨН БАРИЛАА
Аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл өнөөдөр /2025.09.18/ аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаад 2025 оны төсвийн тодотголын төсөл болон бусад асуудлуудыг өргөн барилаа.
Аймгийн ИТХ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/14 дугаар захирамжаар аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 9 дүгээр хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Тус хуралдаанаар:
1. Аймгийг 2026 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө батлах тухай
2. Аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай
3. ”Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам” батлах тухай
4. Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф батлах тухай
5. Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэр технологийн парк байгуулах тухай
6. Нийтийн тээврийн цагийн зардлын тариф батлах тухай гэсэн үндсэн 6 асуудлыг хэлэлцэх юм.
Дархан хот байгуулагдсаны 64 жилийн ойн баяр, хотын төрсөн өдөр 2025 оны 10 дугаар сарын 17-нд болно. Түүхт энэ өдрийг угтаж өнөөдөр /2025.09.04/ Дархан сум 12 дугаар баг 17-р байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд ил задгай байгаа зай талбайд автозогсоол болон тохижилт ногоон байгууламж хийх талаарх уулзалтыг аймгийн Захирагчийн ажлын алба, 12 дугаар багийн захиргаанаас хамтран зохион байгууллаа.
Энэхүү ажил хэрэгч уулзалтанд Дархан хотын Захирагчийн орлогч Я.Бат-очир оролцон газар дээр нь ажиллаж шийдвэрүүдийг гарган "Remax", "Аялал", "Гоо марал" зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд бусдыгаа манлайлан оролцохоо илэрхийлж, зам талбайн тохижилтын мэргэжлийн байгууллагаас зөвлөмжийг авч, удахгүй ажлаа эхлэх болсон байна. Ийнхүү хотын хөгжил дэвшил, худалдааны гудамжны тохижилтыг сайжруулахад хамтран ажиллах болсон аж ахуйн нэгж байгууллагуудад талархал дэвшүүлье.
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИТОЙ ЭКО 00-ИУДЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчныг хамгаалах, ногоон орчныг бүрдүүлэх, ногоон хөгжлийг дэмжих зорилтууд тусгагдсан. Хөтөлбөртэй уялдуулан 2022 оноос “ЭКО ОО” хөтөлбөр хэрэгжиж байна. Аймгийн хэмжээнд 12 мянга гаруй нүхэн жорлон байна.
Эко ОО хөтөлбөрийн хүрээнд био ОО суурилуулсан айл өрхүүдийн ОО-ийн бохирыг үнэ төлбөргүй соруулах ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Анх 38 айл бохироо соруулж байсан бол энэ онд 348 айл болж өссөн байна. Энэ үзүүлэлт нь жилээс жилд гэр хорооллын айл өрхүүд нүхэн жорлонгоо буулгаж байгальд ээлтэй орчин үеийн технологитой ЭКО ОО-той болж байгааг харуулж байна.
Аймгийн Байгаль орчны газар, Дархан дахин төлөвлөлт ОНӨААТҮГ, Экологийн цагдаагийн алба, Сум дундын ойн анги, аймгийн Захирагчийн ажлын алба хамтран Зулзагын ногоон бүсэд байгаль орчны хууль болон ЭКО ариун цэврийн байгууламжийг иргэдэд сурталчлах ажлыг өнөөдөр /2025.09.04/ зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд Их хаан бугуйвч, Эколос, Уорлд Хабитат, Био ОО компаниуд оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд танилцууллаа. Дархан хотын Захирагчийн орлогч, ерөнхий менежер Я.Бат-Очир, БОГ-ын дарга Г.Батбаяр нарын албаны хүмүүс мөн оролцлоо.
Зулзагын ногоон бүсэд зуслангийн айлуудын төвлөрөл эрчимтэй нэмэгдэж байна. Амралт сувиллын газрууд соруулдаг ОО -ийг шийдсэн. Харин айл өрхүүдийн нүхэн жорлон нь байгаль орчныг бохирдуулах, ногоон бүсийг доройтуулахад ихээхэн нөлөөлж байна. Иймд иргэдийг ЭКО ариун цэврийн байгууламжтай болж хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.



