ХАЛУУН УС ТҮР ХУГАЦААНД ХЯЗГААРЛАГДАНА
“Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн 2026 оны ээлжит бүрэн зогсолтын ажилтай холбогдуулан 2026 оны 06-р сарын 15-ны өдрийн 00:00 цагаас 06-р сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл нийтийн орон сууцны хэрэглэгчид болон аж ахуйн нэгж, байгууллагыг халуун усаар түр хугацаанд хангахгүй болохыг мэдэгдэж байна.
Дэлгэрэнгүй
ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭН ЭРСДЭЛИЙГ ШУУРХАЙ АРИЛГАНА
Иргэд та бүхэн ersdel.e-darkhan.mn аппликейшнээр дамжуулан орчиндоо үүссэн эрсдэл, зөрчил дутагдлын талаарх мэдээллээ илгээх боломжтой. Иргэдээс ирүүлсэн хүсэлт, мэдээллийг хүлээн авч, эрэмбэ дараалал тогтоон холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Эрсдэлийг эрт мэдээлснээр болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
Аюулгүй орчны төлөө иргэн бүрийн оролцоо чухал.
Эрсдэлээ мэдээлж, эрсдэлгүй орчныг хамтдаа бүтээцгээе.
ТӨВИЙН БҮСИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ ДАРХАН ХОТОД БОЛЖ БАЙНА (2026.05.25)
Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтыг нээж Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан бүс нутгийн эдийн засаг, хөдөө аж ахуйн талаарх мэдээллийг хүргэв. Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар танилцууллаа.
Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Төв аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар нарын албаныхан, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн 500 шахам ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.
Төвийн бүсийн уулзалтаар мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлгийн салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ХХААХҮЯ-ны холбогдох газар, агентлагийн дарга нар танилцуулга мэдээлэл хийв. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтангэрэл мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, малын дархлаажуулалтын ажлын талаар, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран корпорацаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус тус танилцууллаа.
Орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой уг уулзалтаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагын төлөөлөгчид болон малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уулзалт үдээс хойш мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэсэн салбар салбарын хэлэлцүүлэг, санал асуулгаар үргэлжиллээ.
ЭРДЭМТЭН СУДЛААЧ, ИНЖЕНЕРҮҮД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хог хаягдлын менежментийг сайжруулах цогц төслийн хүрээнд эрдэмтэн судлаач, инженер техникийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болж байна.
Зөвлөгөөнөөр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, техник технологийн шийдэл, дахин боловсруулах боломж, ландфиллын менежмент зэрэг асуудлыг хэлэлцэж, төслийн шинжлэх ухаанч үндэслэл, техник эдийн засгийн үр өгөөж, байгаль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр санал солилцож байна.
Зөвлөгөөний үеэр Дархан сумын Засаг дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Т.Тулгаа “Ногоон тойрог” төслийн танилцуулгыг хийж, Дархан хотод хэрэгжүүлэх хог хаягдлын нэгдсэн менежментийн загвар, ангилан ялгалтын үе шат, дундын терминал байгуулах боломж, хог хаягдлаас эрчим хүч гаргах технологийн шийдэл зэрэг асуудлыг танилцууллаа.
Мөн зөвлөгөөнд оролцогчид үнсэн сангийн эрсдэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Төмөртолгойн уурхайн ашигласан талбайд төсөл хэрэгжүүлэх боломж, санхүүжилтийн бүтэц, эрсдэлийн удирдлага, “Ногоон Дархан-2032” хөтөлбөртэй уялдуулах асуудлаар хэлэлцэж байна. Эх сурвалж: Дархан сумын ЗДТГ



