Дархан-2025 хөрөнгө оруулалтын зөвлөгөөн
“Дархан-2025 хөрөнгө оруулалтын зөвлөгөөн” 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагт Дархан сум, Дархан Юнайтед Арена цогцолбор, АЗДТГ, 2 давхар, Хурлын танхимд зохион байгуулагдах тул доорх линкээр санал хүсэлтэй ирүүлнэ үү.
https://forms.gle/h4ACFeGxvmHzLSDD8
СУМДЫН МАЛЧДАД 5000 БООДОЛ ӨВС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТАРААНА
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Дархан-Уул аймгийн хэмжээнд өвөлжилт цагаанаар зудархуу гэж үнэлэгджээ. Өнгөрсөн 10 хоногт орсон цас, цасан шуурганаас үүдэн цас хатуурч малчид өөрсдийн бэлдсэн өвс тэжээлийн нөөцийн 50-70 хувийг хэрэглэсэн байна.
Иймд аймгийн Онцгой комиссын хэсэгчилсэн хуралдааныг өнөөдөр /2025.02.11/ зохион байгууллаа.
Хуралдаанаар хавар урт болох төлөвтэй байгаа тул сум, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг гаргах болоогүй гэж үзлээ. Харин аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 5000 боодол өвсийг малчдад үнэ төлбөргүй тараахаар шийдвэрлэв.
Нийт малчдын 70 хувь нь Хонгор суманд өвөлждөг тул тус суманд 3000 боодол, Шарын гол, Орхон, Дархан суманд 2000 боодол өвсийг энэ баасан гарагт тараана.
Аймаг сумдын аюулгүй нөөцөд аймаг- 100тонн өвс, 50тонн тэжээл, сумдууд- 40тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэсэн байна.
Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр өнгөрсөн 10 хоногийн байдлаар цасны дундаж өндөр Дархан суманд 25см, Орхон суманд 24 см, Шарын гол суманд 23 см, Хонгор суманд хамгийн их буюу 30 см.
Аймгийн нийт нутгаар цасны дундаж өндөр 10-14см, дундаж нягт 0,17-0,22 гр см куб байна.
ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Авлигатай тэмцэх газраас хувийн хэвшлийн байгууллагуудын санал санаачилгыг дэмжиж, авлигын эрсдэлийг бууруулах зорилгоор зохион байгуулдаг сургалтад урьж байна.
Та доорх QR кодыг уншуулж Авлигатай тэмцэх газраас сургалт авах сэдэв, огноогоо сонгон шаардлагатай бусад мэдээллийг бөглөж сургалтад хамрагдана уу.
"ӨӨХӨӨ ТУШААЯ" АЯН БЯМБА ГАРАГТ БОЛНО
Малчдын орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчинд хог хаягдлыг бууруулах зорилгоор 2 дахь жилдээ Захирагчийн ажлын алба Натурал Грасс Ланд ХХК-тай хамтран "Өөхөө тушаая" аянг 2025 оны 2-р сарын 15-ны өдөр "Найрамдал талбай"-д зохион байгуулах гэж байна.Дарханчууд та бүхэн малын хаягдал өөхийг 11:00-17:00 цагийн хооронд тушааж ахуйн хэрэгцээний бараагаар сольж авах боломжтой.
Байгальд ээлтэй Дарханчууд байхыг уриалж байна.
“МОНГОЛ БАЯР - МОНГОЛ БЭЛЭГ” ТӨВИЙН БҮСИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО
Сар шинийн баярт зориулсан “МОНГОЛ БАЯР - МОНГОЛ БЭЛЭГ” төвийн бүсийн үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхимтай хамтран Залуучууд театр болон Найрамдал талбайд 02 дугаар сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Төвийн бүсийн үндэсний үйлдвэрлэгч хоршоо, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөргүй оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах боломжтой.
БҮРТГЭЛ: Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, МҮХАТ-ын Дархан салбарт бүртгүүлж үзэсгэлэн худалдаанд оролцоно.
ХОЛБОО БАРИХ: Дэлгэрэнгүй мэдээллийг 99915222, 99855557, 77485555 дугаараас тодруулах боломжтой.
ДСЦТС ХК-иас мэдээлж байна
Засгийн газрын 2018 оны 199 тоот тогтоолын дагуу ДСЦТС ХК-ийн үйлчлэх хүрээний /Дархан-Уул аймгийн төв буюу Дархан сум, Сэлэнгэ аймгийн төв буюу Сүхбаатар сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа/ нутаг дэвсгэрт байгаа гэр хорооллын 2 тарифт тоолууртай хэрэглэгчдэд шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх хэрэглээнд хөнгөлөлт үзүүлдэг.
Хөнгөлөлт үзүүлэх нэг сарын шөнийн хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700кВт.цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500кВт.цагаар тогтоож 100 хувиар хөнгөлдөг.
100 хувиас дээш гарсан хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон байдаг.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдэд дараах шаардлага тавигддаг. Үүнд:
-Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.
- Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
-Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
2025 оны 2 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн Эрчим хүчний сайдаас өгсөн чиглэлийн дагуу Ширээ нурууны айлууд, Хөтөл хорооллын айлууд, Ховдын хорооллын айлууд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана.



