АЙМГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 3 дугаар хуралдаанд өнөөдөр /2024.12.20/ аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Батчулуун “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” асуудлыг танилцууллаа.
Дархан-Уул аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөмж” болон Монгол улсын Засгийн газрын 2024 оны 92-р тогтоолоор батлагдсан "Газар зохион байгуулалт хийх журам"-н дагуу хэрэгцээт байдлын үнэлгээ болон газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан бөгөөд Ерөнхийгөөс-Нарийвчилсан руу чиглэсэн мэргэжлийн үндсэн суурь зарчмын хүрээнд Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон бусад хүчин төгөлдөр хэрэгжиж буй улс, орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тулгуурлан 2025-2040 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба 172 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Уг төлөвлөгөөг 2040 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд газар дээр суурилсан эдийн засгийн цогц бодлогын хүрээнд газрыг тогтвортой, системтэйгээр ашиглах, иргэдийн газар эзэмших ашиглах эрхийг хангах, хот сууринг тэлэх, газар тариалангийн бүс нутгийг нэмэгдүүлэх, ойжуулах, хадлангийн газрын хил заагийг тогтоох зорилтуудыг дэвшүүлжээ.
- ОНЦОЛБОЛ:
Аймгийн хэмжээнд хаягдлын цэгийн талбай нийт 758.68га газар байгаа бөгөөд эрүүл ахуйн бүсийн талбай 485.05га газар төлөвлөгдсөн.
Дархан хотын хогийн цэгт удаан хугацааны турш уугилт явагдаж суурьшил бүхий газарт сөрөг нөлөө үзүүлж байгаа тул шинээр хогийн цэг байгуулах нөөц бүсийг Бэрх уулын орчимд 28.28 га газрыг төлөвлөснөөс гадна Хонгор сумын Салхит багт 106.32га газрыг хогийн цэгийн нөөц бүсээр төлөвлөсөн. Төлөвлөсөн нөөц бүсүүдэд хогийн цэг байгуулах асуудал нь хуулийн хүрээнд ТЭЗҮ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсний дараа ашиглах нөхцөл бүрдэх тул хуучин хогийн цэгийг хог хаягдлын нэгдсэн менежментийн төлөвлөгөөний дагуу ашиглах юм.
“ДАРХАН-УС СУВАГ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ТОМИЛЛОО
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.12, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.4, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 3 дугаар хуралдаанаар өнөөдөр /2024.12.20/ Дархан-Ус суваг ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа.
Дархан-Ус суваг ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг 2 намын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ байгуулах юм.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Дархан-Уул ймгийн 2025 оны нэгдсэн төсвийн орлогыг суурь орлогоос 7,6 тэрбум төгрөгөөр, урсгал зардлыг суурь зардлаас 15,5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.
Аймгийн 2025 оны төсвийн төслийн саналыг төсвийн орлогыг 1,3 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлагыг 9,9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төсвийн саналыг боловсруулан нийт зарлага 43,3 тэрбум төгрөг, төсвийн орлогыг 12,3 тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Аймаг, сумдын төсвийн суурь орлого, зарлагын зөрүүгээр нийт 4,208.4 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 38,127.7 сая төгрөгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг тус тус тооцжээ. Үүнд Шарын гол сумын санхүүгийн дэмжлэгийг 1,951.4 сая төгрөг, Орхон сумын санхүүгийн дэмжлэгийг 2,256.9 сая төгрөг, Дархан сумын төсөвт төвлөрүүлэх орлогыг 33,401.5 сая төгрөг, Хонгор сумын төсөвт төвлөрүүлэх орлогыг 4,726.2 сая төгрөгөөр тус тус баталлаа.
- НЭМЭЛТ_МЭДЭЭЛЭЛ:
Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьж УИХ-аар баталсан юм.
Улсын Их Хурлаас 2024 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийг баталж, Дархан-Уул аймгийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 72.2 тэрбум, төгрөг, суурь зарлагыг 61.3 тэрбум төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 2.9 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 21.3 тэрбум төгрөг байхаар ирүүлжээ.
УИХ-аас суурь зарлага 6,0 тэрбум төгрөгөөр, суурь орлого 540,0 сая төгрөгөөр тус тус хасагдан батлагдажээ.
Төсвийн урсгал зардал бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон “Монгол Улсын 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын дагуу төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг хэсэгчлэн болон бүрэн буюу 10-100 хувь бууруулах зарчим баримталсан байна.
АВТО ЗАМ ДЭЭР ӨДӨРТ ДУНДЖААР 10-12 ТОНН ДАВС ЦАЦАЖ БАЙНА
Ойрын өдрүүдэд цас хялмаалж хот доторх авто замд халтиргаа гулгаа ихсэж байна. Дархан хотын тохижилт үйлчилгээний газраас энэ оны анхны цас орж эхэлснээс хойш 36 тонн давс, 228 мкуб хайрга, 13 тонн бодис цацаж ашиглажээ.
Өнгөрсөн 2-3 хоногт цас орсон өдрүүдэд нар гарахгүй бүрхэг, цацсан давсанд байгалийн хайлалт үүсэхгүй байгаа учир халтиргаа гулгаа улам нэмэгдэж байгаа юм.
Дархан хотын хэмжээнд гэр хорооллын дундах авто зам, төв замууд 4 эгнээ болон өргөсөж ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан 2 ширхэг тусгай зориулалтын техникийг шинээр авч хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байна.
Цас орсон үед авто зам дээр өдөрт дунджаар 10-12 тонн давс цацаж байна. Зам талбайн 4 хэсэгт тохижилт үйлчилгээний нийт 60 ажилтан замын цэвэрлэгээ үйлчилгээнд ажиллаж байна.
Халтиргаа гулгаа ихссэнээс осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаа тул жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсөө цэвэрлэхийг уриалж байна.
ХОНГОР СУМЫН АВТОЗАМЫН ГЭРЭЛТ ГАРЦТАЙ БОЛЛОО
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Буурал багт Эрүүл мэндийн төв орчимд, Салхит багт 11-р сургууль орчимд буюу 2 байршилд ” Гэрэлт гарц”-ын ажлыг "Алтан нутуг" ХХК хийж гүйцэтгэжээ.
Гэрэлт гарцыг байршуулснаар явган зорчигч хүүхэд, насанд хүрэгчдийн аюулгүй байдлыг хангах, жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг зам тээврийн осол зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР ХАШАА ХАТГАЖ БУУСАН АЙЛЫГ АЛБАДАН БУУЛГАЛАА
Энэ оны 11-р сарын сүүлээр Дархан сумын 24-р хорооллын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хашаа хатгаж сахиул айл буулгасан зөрчил гаргасныг мэргэжлийн байгууллагаас албан шаардлага тухайн айл, иргэнд удаа дараа хүргүүлжээ.
Удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул аймгийн Засаг даргын 12-р сарын 6-ны өдрийн захирамжаар Дархан сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.
Зөрчил гаргасан иргэн эрчим хүчний хамгаалалтын зурваст хашаа хатган хашаандаа сахиул айл буулгаж, амины орон сууцны зориулалттай газарт энгийн галлагаатай зуух ашигласан, нүхэн жорлон хийсэн нь холбогдох хууль заалтуудыг зөрчсөн тул тус айл, хашааг албадан буулгаж зөрчлийг арилгав.



