"ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН, “НОГООН ДАРХАН-2032” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 916435 ШИРХЭГ МОД ТАРЬЖЭЭ
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус хөтөлбөрийн үйл ажиллагаа, явцтай танилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо. Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 916435 ширхэг мод тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд “Мод тарих, ногоон байгууламж байгуулах төлөвлөлтийн биет макет хийх” төсөл, Мод үржүүлгийн газар байгуулах, Зулзагын голын нарсан ойг нөхөн сэргээх ойжуулах төсөл, “Хөрсний судалгааны ажил” төслүүдийг тус тус хэрэгжүүлж байна.
ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛБА, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИД БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол улсын Шадар сайд, аймгийн Засаг даргатай 2025 онд байгуулсан ШС-24/007 дугаартай хамтран ажиллах гэрээний 3.6 дахь заалтын хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Засаг даргын 2025 оны 01-А/125 тоот захирамжийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэгийг /2025.05.06/ өнөөдөр Онцгой байдлын газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй Түлш эрчим хүчний алба, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн нийт 195 бие бүрэлдэхүүн, 27 техник хэрэгсэлд бэлэн байдлыг үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгээр Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн төлөвлөгөөний хэрэгжилт, техник, хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, үнэлгээ дүгнэлт өгч ажиллаа.
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 61 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 762 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 392 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 370 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 2 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
ХОТ ДОТОРХ АВТО ЗАМЫН 3250 МЕТР КВАДРАТ ТАЛБАЙД НӨХӨӨС ХИЙНЭ
“Дархан орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ 2025 онд хот доторх авто замын 24,0 мянган урт метр талбайд ан цав хагарлын заадас нөхөх ажил, 3250 м2 талбайд асфальт бетонон хольцоор нөхөөс хийнэ. Мөн цагаан зураас, явган замын хэвтээ тэмдэглэгээг 16,0 мянган урт метр , 66 ширхэг босоо тэмдэглэгээг хийхээр төлөвлөсөн. Заадас нөхөх ажил 5-р сарын 10-ны дотор хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.



