ДАРХАН-УУЛ АЙМАГ 21 АЙМАГТ ЖИШИГ БОЛОХУЙЦ КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН ДЭД ТӨВТЭЙ БОЛЛОО
Монгол улсын Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймагт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, өнөөдөр /2025.09.17/ нээлтээ хийлээ.
Тус төв нь нийт 241 м2 талбайтай, хурлын өрөө, серверийн өрөө, цахим уулзалтын өрөө, хяналтын өрөө, амрах өрөө гэсэн зохион байгуулалтай. Ухаалаг программ хангамж Irex 50, nx 200 программд холбогдсон, нэгэн зэрэг 500 гаруй камерыг хянах хүчин чадалтай.
Аймгийн хэмжээнд хэрэгждэг “Ногоон бүс” төслийн хүрээнд суурилуулагдсан 308 камерыг уг төвийн системтэй холбосон. Ингэснээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх боломжтой. Цаашид ААНБ-ын гадаах хяналтын камеруудыг холбож бүрэн хянах юм.
Орчин үеийн шилдэг технологид тулгуурласан төслийн гүйцэтгэгчээр “Проджи Девелопмент Тотал Солюшн” ХХК ажилласан байна.
Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Тэд дэд төвийн үйл ажиллагаатай танилцаж 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц төв болсныг онцоллоо.
2025 оны Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд Цагдаа, Онцгой, Эмнэлэг зэрэг байгууллагуудын дуудлагын операторын горим 112 гэсэн нэгдсэн дугаарлалт руу шилжиж байгаа. Манай аймаг дээр дурдсан яаралтай тусламжийн операторын горимыг энэхүү дэд төвөөр дамжуулан явуулах боломжтой болж байна.
Аймгийн хэмжээнд "Ногоон бүс төсөл"-ийн хүрээнд 308 камер ажиллаж байна. Дахин 1200 ширхэг хяналтын камерыг нэмсэнээр Дархан-Уул аймгийг бүрэн хянах боломжтой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГТ АМИНЫ ОРОН СУУЦ ДУЛААЛГЫН ДУЛААН ШИЙДЭЛ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Европын холбооны санхүүжилттэй “ЖЭРЭС” ОУТББ-ын “Дулаан шийдэл төсөл” нь Монгол улсад 2018 оноос эхлэн хэрэгжиж байна. Төслийн эхний шат 2018-2022 он хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжиж, 2-р үе шат нь 2022- 2026 он хүртэл хэрэгжинэ.
Дархан-Уул аймаг НҮБ-ын гэр дулаалгын "Чип" төслийг хэрэгжүүлж байгаа бол “Дулаан шийдэл” төслийг 2024 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь амины орон сууцыг дулаалах замаар эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах зорилготой. Төслөөр дамжуулан эхний ээлжид манай аймгийн 320 орчим айл өрх амины орон сууцаа дулаалж төсөл хамрагджээ.
Дархан-Уул аймаг 2013 оноос хойш гэр хорооллыг тэлэхгүй байх бодлогыг баримтлан, нийтийн эзэмшлийн орон сууцууд болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хорооллуудыг нэмэгдүүлэхээр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.
“Дулаан шийдэл төсөл” нь орон нутгийн бодлого шийдвэртэй уялдуулан иргэдэд банкны ногоон зээл болон санхүүгийн бусад таатай нөхцөлөөр эко, орчин үеийн дулаан шийдэлтэй амины орон сууцтай болох боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
250 АЙЛЫН АМИНЫ ОРОН СУУЦНЫ ГАЗАР
250 АЙЛЫН АМИНЫ ОРОН СУУЦНЫ ГАЗАР 52,8ГА ТАЛБАЙТАЙ, 200 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨГДӨЖ БАЙНА
250 айлын амины орон сууцны газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг "Циркус Преокт" ХХК гүйцэтгэж байна.
52,8га талбайд 1000 хүнд ноогдохоор тооцоолж 3000м2 үйлчилгээний талбай, 200 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэгтэй цогцолбор хороолол байхаар зураг төсвийг гүйцэтгэснийг Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцууллаа.
Архитектурын зураг төсөл дууссан. Ажлын зураг, барилга холболтын зураг төслийн ажил үргэлжилж байна.
Газар олгох журам боловсруулагдаж батлагдсаны дараа иргэдэд үе шаттайгаар нээлттэй мэдээлнэ.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ
Гэр хорооллын айл, өрхийн эко жорлонгийн бохирыг соруулан татан зайлуулсан ажлын тайлан,
Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф батлах тухай,
250 айлын газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
Хотын эдэлбэр газрын хил заагийг тогтоох тухай
Бэлчээр ашиглах, хамгаалах журмыг батлах тухай
Аймгийг 2026 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө батлах тухай
Хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн парк байгуулах тухай
Нийтийн тээврийн цагийн зардлын тариф батлах тухай зэрэг асуудлуудыг 9-р сарын 29-ний өдөр болох ИТХ-ын хуралдаанаар оруулах эсэхийг хэлэлцэж байна.
Үүнд: Дархан хотын иргэдийн дунд хүлээлт, асуулт үүсгээд буй 250 айлын амины орон сууцны газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж суурь судалгааны ажил дутуу гэж үзэн ажлын хэсгийн саналаар энэ удаагийн ИТХ-аар хэлэлцэхгүй байхаар түдгэлзүүллээ.
ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА
Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд болох Буга баримал, Лимбэчин хүү, Эх үрсийн элбэрэл, Найрамдал өндөрлөг зэрэг хөшөө дурсгалыг засварлалаа.
Энэхүү ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу Соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газраас зохион байгуулсан бөгөөд Дархан хотын Соёл, амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-т хариуцуулах гурвалсан гэрээг байгуулан холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Тус хөшөө дурсгалуудыг хамгаалах, засварлах ажлыг аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган орон нутгийн төсвийн 8.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.
250 АЙЛЫН АМИНЫ ОРОН СУУЦНЫ ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БЭЛТГЭЛ АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн Засаг даргын Захирамжаар Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу “Амины орон сууцны хороолол”-ын төслийг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг инженерийн дэд бүтцийн байгууллагуудтай өргөтгөсөн хурал хийлээ.
Уулзалтаар техникийн нөхцөлүүдийг гаргах талаар харилцан санал солилцож хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний иж бүрэн зураг төслийг гүйцэтгэж буй "Циркул проект" ХХК-аас хийгдэж байгаа ажлуудаа танилцууллаа.
Дархан сумын нутаг дэвсгэрт төлөвлөгдөж буй 250 айлын амины орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Цаашлаад уг төлөвлөгөөг Дархан сумын 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголд тусган, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөжээ.
Мөн энэхүү төлөвлөгөөг "Газрын харилцаа, геодези, зураг зүйн ерөнхий газар"-т хянуулж, цаашид Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар батлуулах зорилт тавин ажил үргэлжилж байна. Мөн 250 айлын амины орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний иж бүрэн зураг төслийг “Циркул проект” ХХК мэргэжлийн өндөр түвшинд боловсруулан гүйцэтгэж байна.



