ӨМЧИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2020–2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий сайдын 2025 оны 4 дүгээр сарын албан даалгавар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын А/1891 дүгээр албан бичгийн хүрээнд төрийн өмчийн мэдээллийг нэгтгэн, цахим системд бүрэн шилжүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж байна.
Өмчийн бүртгэлийн цахим систем нь төрийн өмчийн бүртгэл мэдээллийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиггүй хөрөнгө оруулалтыг үгүй болгох, ил тод байдлыг хангах, нэгдсэн үр ашигтай болгож сайжруулах зорилготой.
Монгол улсад төрийн болон орон нутгийн өмчит нийт 7000 гаруй байгууллага байдаг үүнээс Дархан-Уул аймагт орон нутгийн өмчит 104, төрийн өмчит 43 хуулийн этгээд байна.
2024 оны жилийн эцсийн байдлаар орон нутгийн өмчит 104 байгууллагын нийт 608 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэгдсэн. Шинэ цахим систем ашиглалтад орсноор нийт хөрөнгийн мэдээлэл иргэдэд нээлттэй болох юм. Тус цахим систем энэ оны 10 дугаар сараас хэрэглээнд шилжинэ.
ДАРХАН ХОТЫН БАЯРЫГ УГТСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
Дархан хотын баярыг угтан 2025.10.04-05, 2025.10.11-12-ны өдрүүдэд 2 удаагийн давтамжтай "БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"-г зохион байгуулж байна.
Нийтийн зориулалттай орон сууц хариуцсан 45 Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны орчмын болон орцны цэвэрлэгээг хийж байна. Үүнд:
- Хороолол доторх авто замын цэвэрлэгээ
- Явган замын цэвэрлэгээ
- Орц цэвэрлэгээ
- Орцны гэрэлтүүлэг, хаалга, цонхны засвар
- Хог, шарилжны цэвэрлэгээ г.м
Хот байгуулагдсаны ойн баярыг угтаж оршин суугчид бүх нийтийн цэвэрлэгээнд нэгдэн идэвхтэй оролцохыг дахин уриалъя.
"ЦЭВЭР ХОТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА"
МАРГААШ /2025.10.04/ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨР БОЛНО
МАРГААШ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨР БОЛНО
Сар бүрийн эхний 7 хоногийн бямба гарагийг аймгийн Засаг даргын Захирамжаар бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарласан.
Энэ сарын бүх нийтийн цэвэрлэгээний өдөр маргааш буюу 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдана.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг бүх нийтийн цэвэрлэгээндээ идэвхитэй оролцохыг уриалж байна.
АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ МЭТГЭЛЦЭЭН
МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн ЗДТГ, Авлигатай тэмцэх газар, Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхим НҮТББ, Их Засаг Олн Улсын Их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль хамтран Төрийн албан хаагчдын ёс зүйн шударга байдал, авлигаас ангид байх хандлагыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдлэг, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Мэтгэлцээний тэмцээн”-ийг өнөөдөр /2025.09.26/ зохион байгуулж байна. Тэмцээнд нийт 15 байгууллагын 40 гаруй албан хаагч оролцож мэдлэг оюунаа сорьж байна. Их Засаг их сургуулийн Эрх зүйн 1-р дамжааны оюутнуудад тус тэмцээн практик хичээл болж байна. Мэтгэлцээний дүрмийн дагуу тэмцээнд оролцож буй байгууллагуудын албан хаагчид баг болон хуваагдаж тодорхой өгөгдсөн сэдэв, бодит кейсүүд дээр ажиллалаа. Өнөөдрийн уралдаан тэмцээний үр дүнд төрийн байгууллагууд дотоод хяналт, авлигын эсрэг бодлогоо сайжруулах, албан хаагчид бусдадаа үлгэр дуурайлал үзүүлэх, мэдлэгээ тэлэх зэрэг ач холбогдолтой. Мөн оюутнууд онолоор үздэг хичээлийг практикт хэрхэн туршиж байгааг судлах, ирээдүйн төрийн албанд шаардлагатай ур чадварыг эзэмшихэд ихээхэн хувь нэмэртэй. Түүнчлэн иргэдийн итгэлийг сэргээх, ил тод байдлыг нэмэгдүүлэх стратеги төлөвлөхөд туслах санал санаачилга бий болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
Нийтийн тээвэртэй холбоотой асуудлын тухай
АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР НЭГ АСУУДЛЫГ БОЛОВСРУУЛАЛТЫН ШАТАНД БУЦААЛАА /2025.09.23/
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийн хуралдаанд 6 асуудал танилцуулагдсанаас 5-ийг нь хуралдаанд уламжлахаар санал нэгдлээ. Үүнд:
- Аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай,
- Аймгийг 2026 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө батлах тухай,
- Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолборын үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих тухай,
- Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах тухай,
- Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф батлах тухай зэрэг асуудлууд байв.
Харин "Машин цагийн зардлын тариф батлах тухай" буюу нийтийн тээвэртэй холбоотой асуудлын материал дутуу байсны улмаас боловсруулалтын шатанд буцаалаа. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд чирэгдэл учруулахгүй шуурхай шийдвэрлэх үүднээс аймгийн ИТХ-ын хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад нээлттэй хэвээр үлдээж, богино хугацаанд дахин боловсруулалт хийн энэ сарын 26-ны өдөр бэлэн болгохыг Зөвлөлийн гишүүд холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. Тус нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд Баасан гарагийн 15:00 цагт дахин хуралдана.



