Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГЭБОНЗ-ийн дарга А.Янжмаа 3 хүүхдийн амь насыг аварсан Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Нямсүрэнгийн ЦОГБАЯР-т өнөөдөр Дарханчуудын өмнөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Н.Цогбаяр нь албан үүргээ гүйцэтгээгүй явж байх үедээ 3 давхарын тагтнаас унах, хүндээр бэртэж гэмтэх эрсдэлд орсон байсан бага насны 3 хүүхдийг аврахын тулд шуурхай арга хэмжээ авч, тагтаар дээш дамжин гарч, авран тэдний аюулгүй байдлыг ханган нэгэн гэр бүлийг элэг бүтэн үлдээж чадлаа. Дэслэгч Н.Цогбаярт талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх үеэр аймгийн ИТХ-ын дарга, ГЭБОНЗ-ийн дарга А.Янжмаа "Эрсдэлт нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадварыг үзүүлж, цаг алдалгүй шуурхай ажиллан баатарлаг үйлс бүтээсэн нь энэ цаг үеийн бахархалт үйлсийн тод жишээ болж байна" хэмээн онцоллоо. Мөн тэрээр ахуйн орчинд хүүхдийн аюулгүй байдал хангагдахгүй байгааг онцлон бага насны хүүхэдтэй айл өрх бүр зориулалтын цонхны хаалт хийж аюулгүй байдлыг хангахыг уриаллаа.



