Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны Төлөөлөгчдийн хамт өнөөдөр аймгийн ХХААГ-т ажиллав. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалтын явц болон салбарын цаг үеийн мэдээллийг сонсож, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн өмнөх уулзалтаас гарсан санал, өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэлтэй танилцаж, санал солилцлоо.
Тус уулзалтаар Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар, Орон нутгийн өмчийн газраас хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажил, Техник үйлчилгээний дундын төвийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдал, мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоох, эрчимжсэн мал, туслах аж ахуйн шинэ суурьшлын бүсийн мэдээлэл, гангийн нөхцөл байдлыг үнэлсэн ажлын хэсгийн мэдээлэл, бэлчээрийн газрыг фото мониторингийн аргаар үнэлж, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийг тогтоох, сэргэх чадавхад суурилсан судалгаа, бэлчээрийн даацын мэдээлэл цаашид хэрэгжүүлэх санал, цаг агаарыг төлөв байдлын сэдвүүдийг хөндөж ярилцлаа. уулзалтын үр дүнд хамтарч ажиллах хэд хэдэн бодитой саналыг төлөөлөгчид дэвшүүлэв.
Уулзалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа тус салбарын өвөлжилтийн бэлтгэл, нөөц зохих түвшинд хангагдсан байгааг сайшаалаа. Харин иргэдийн хадлан хураалт дөнгөж 60 хувьтай байгаа ачааллыг тооцож, зохион байгуулалтын хувьд бэлтгэлтэй байхыг санууллаа.
Мөн тэрээр Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороог Техник, үйлчилгээний дундын төв ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай бүрэн танилцаж, дүгнэлтээ ирүүлэх үүрэг өглөө. Хорооноос гарсан дүгнэлтийн дагуу арга хэмжээ авч ажиллана.
Уулзалтад аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Д.Амарсанаа, хорооны гишүүн Д.Батхишиг, О.Энхзаяа, М.Мөнхбаяр нар болон холбогдох байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүд байлаа.



