Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь, хоёрдугаар зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр анги нь 1995 оноос хойш 30 жилийн хугацаанд нам даралтын зуухаар халаалт авч, үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.
Алба хаагчдын ая тухтай, стандартын шаардлага хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн 2025 оны төсвийн тодотголд 834,7 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдэж, тус ангийн төвийн халаалтын шугамд холбогдох ажил эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн Онцгой байдлын ерөнхий газрын санхүүжилтээр дотоод шугам сүлжээг халаалтад холбох ажил ид өрнөж байна. Одоогийн байдлаар уг ажлын гүйцэтгэл 85 хувьд хүрээд байгаа бөгөөд бүрэн дууссанаар алба хаагчдын эрүүл, ая тухтай нөхцөлд ажиллах боломж бүрдэж, албаны бэлэн байдлыг хангах нөхцөл улам бүр сайжрах юм.
Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн хамт олон өнгөрсөн хугацаанд гал түймэр, гамшиг, ослын үед хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж, аймаг орон нутгийнхаа аюулгүй байдлын төлөө тасралтгүй үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тиймээс энэ удаагийн шинэчлэл нь тэдний ажиллах орчныг сайжруулж, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.



