АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР НЭГ АСУУДЛЫГ БОЛОВСРУУЛАЛТЫН ШАТАНД БУЦААЛАА /2025.09.23/
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийн хуралдаанд 6 асуудал танилцуулагдсанаас 5-ийг нь хуралдаанд уламжлахаар санал нэгдлээ. Үүнд:
- Аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай,
- Аймгийг 2026 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө батлах тухай,
- Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолборын үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих тухай,
- Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах тухай,
- Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф батлах тухай зэрэг асуудлууд байв.
Харин "Машин цагийн зардлын тариф батлах тухай" буюу нийтийн тээвэртэй холбоотой асуудлын материал дутуу байсны улмаас боловсруулалтын шатанд буцаалаа. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд чирэгдэл учруулахгүй шуурхай шийдвэрлэх үүднээс аймгийн ИТХ-ын хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад нээлттэй хэвээр үлдээж, богино хугацаанд дахин боловсруулалт хийн энэ сарын 26-ны өдөр бэлэн болгохыг Зөвлөлийн гишүүд холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. Тус нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд Баасан гарагийн 15:00 цагт дахин хуралдана.



