Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчныг хамгаалах, ногоон орчныг бүрдүүлэх, ногоон хөгжлийг дэмжих зорилтууд тусгагдсан. Хөтөлбөртэй уялдуулан 2022 оноос “ЭКО ОО” хөтөлбөр хэрэгжиж байна. Аймгийн хэмжээнд 12 мянга гаруй нүхэн жорлон байна.
Эко ОО хөтөлбөрийн хүрээнд био ОО суурилуулсан айл өрхүүдийн ОО-ийн бохирыг үнэ төлбөргүй соруулах ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Анх 38 айл бохироо соруулж байсан бол энэ онд 348 айл болж өссөн байна. Энэ үзүүлэлт нь жилээс жилд гэр хорооллын айл өрхүүд нүхэн жорлонгоо буулгаж байгальд ээлтэй орчин үеийн технологитой ЭКО ОО-той болж байгааг харуулж байна.
Аймгийн Байгаль орчны газар, Дархан дахин төлөвлөлт ОНӨААТҮГ, Экологийн цагдаагийн алба, Сум дундын ойн анги, аймгийн Захирагчийн ажлын алба хамтран Зулзагын ногоон бүсэд байгаль орчны хууль болон ЭКО ариун цэврийн байгууламжийг иргэдэд сурталчлах ажлыг өнөөдөр /2025.09.04/ зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд Их хаан бугуйвч, Эколос, Уорлд Хабитат, Био ОО компаниуд оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд танилцууллаа. Дархан хотын Захирагчийн орлогч, ерөнхий менежер Я.Бат-Очир, БОГ-ын дарга Г.Батбаяр нарын албаны хүмүүс мөн оролцлоо.
Зулзагын ногоон бүсэд зуслангийн айлуудын төвлөрөл эрчимтэй нэмэгдэж байна. Амралт сувиллын газрууд соруулдаг ОО -ийг шийдсэн. Харин айл өрхүүдийн нүхэн жорлон нь байгаль орчныг бохирдуулах, ногоон бүсийг доройтуулахад ихээхэн нөлөөлж байна. Иймд иргэдийг ЭКО ариун цэврийн байгууламжтай болж хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.



