Монгол улсын Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймагт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, өнөөдөр /2025.09.17/ нээлтээ хийлээ.
Тус төв нь нийт 241 м2 талбайтай, хурлын өрөө, серверийн өрөө, цахим уулзалтын өрөө, хяналтын өрөө, амрах өрөө гэсэн зохион байгуулалтай. Ухаалаг программ хангамж Irex 50, nx 200 программд холбогдсон, нэгэн зэрэг 500 гаруй камерыг хянах хүчин чадалтай.
Аймгийн хэмжээнд хэрэгждэг “Ногоон бүс” төслийн хүрээнд суурилуулагдсан 308 камерыг уг төвийн системтэй холбосон. Ингэснээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх боломжтой. Цаашид ААНБ-ын гадаах хяналтын камеруудыг холбож бүрэн хянах юм.
Орчин үеийн шилдэг технологид тулгуурласан төслийн гүйцэтгэгчээр “Проджи Девелопмент Тотал Солюшн” ХХК ажилласан байна.
Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Тэд дэд төвийн үйл ажиллагаатай танилцаж 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц төв болсныг онцоллоо.
2025 оны Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд Цагдаа, Онцгой, Эмнэлэг зэрэг байгууллагуудын дуудлагын операторын горим 112 гэсэн нэгдсэн дугаарлалт руу шилжиж байгаа. Манай аймаг дээр дурдсан яаралтай тусламжийн операторын горимыг энэхүү дэд төвөөр дамжуулан явуулах боломжтой болж байна.
Аймгийн хэмжээнд "Ногоон бүс төсөл"-ийн хүрээнд 308 камер ажиллаж байна. Дахин 1200 ширхэг хяналтын камерыг нэмсэнээр Дархан-Уул аймгийг бүрэн хянах боломжтой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.



