Европын холбооны санхүүжилттэй “ЖЭРЭС” ОУТББ-ын “Дулаан шийдэл төсөл” нь Монгол улсад 2018 оноос эхлэн хэрэгжиж байна. Төслийн эхний шат 2018-2022 он хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжиж, 2-р үе шат нь 2022- 2026 он хүртэл хэрэгжинэ.
Дархан-Уул аймаг НҮБ-ын гэр дулаалгын "Чип" төслийг хэрэгжүүлж байгаа бол “Дулаан шийдэл” төслийг 2024 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь амины орон сууцыг дулаалах замаар эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах зорилготой. Төслөөр дамжуулан эхний ээлжид манай аймгийн 320 орчим айл өрх амины орон сууцаа дулаалж төсөл хамрагджээ.
Дархан-Уул аймаг 2013 оноос хойш гэр хорооллыг тэлэхгүй байх бодлогыг баримтлан, нийтийн эзэмшлийн орон сууцууд болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хорооллуудыг нэмэгдүүлэхээр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.
“Дулаан шийдэл төсөл” нь орон нутгийн бодлого шийдвэртэй уялдуулан иргэдэд банкны ногоон зээл болон санхүүгийн бусад таатай нөхцөлөөр эко, орчин үеийн дулаан шийдэлтэй амины орон сууцтай болох боломжийг олгож байгаагаараа онцлог юм.



