Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга болон Хог тээврийн газрын удирдлагууд хаягдал хуванцарыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ шийдлийг судлах хүрээнд Финланд улсын “Block Solutions OY” компанийн төлөөлөлтэй уулзлаа.Тус компани нь хуванцар хаягдлыг боловсруулж, барилгын зориулалттай блок үйлдвэрлэн, түүгээр байшин, барилга барих байгальд ээлтэй, инновацлаг технологийг дэлхийд нэвтрүүлээд байгаа юм. Эдгээр блок нь хөнгөн, дулаан хадгалах чадвартай, угсрахад хялбар зэрэг давуу талтай бөгөөд хаягдлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй. Уулзалтын үеэр талууд хог хаягдлыг үр ашигтай дахин боловсруулах, эко барилгын материал үйлдвэрлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, ирээдүйд хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохиролцлоо. Энэхүү уулзалт нь байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах, шинэлэг шийдлүүдийг нутагшуулах чухал алхам болж байна.



