Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат сумдад гарсан түймэрт Дархан-Уул аймгаас ОБГ-ын дарга, хурандаа А.Алтансүхээр ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй 2 бүлэг үүрэг гүйцэтгэж байгаа бол өнөөдөр /2025.04.29/ ахин 12 хүний бүрэлдэхүүнтэй 1 нэг бүлэг нэмэлтээр гарч байна. Бүсэд гарсан ой хээрийн түймэрт тухайн бүсэд харьяалагдах 7 аймгийн аврагч, гал сөнөөгчид үүргийн дагуу ажилладаг. Түймэр унтраалцахаар үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг өгч, хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн ханган гаргаж байгааг Дархан-Уул аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Х.Энхнасан хэлэв.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт өчигдөр /2025.04.28/ гарсан ой, хээрийн түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд хүч нэмэгдүүлэн оролцож байгаа юм байна. Түймэр гарсан нутагт салхи 12 м/с хүрч хүчтэй салхилж байгаа учраас цурамд оруулсан түймэр эргээд асах, түймрийн тархац нэмэгдэх тохиолдол гарч байгааг хурандаа Ц.Ганзориг мэдээлжээ.
ЭХ ОРНОО АВРАН ХАМГААЛАХ НЬ ИРГЭН БҮРИЙН ҮҮРЭГ.
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ.



