Дархан-Уул аймаг 327.4 мянган га газар нутагтайгаас 6.2 хувь буюу 20.1 мянган га газар нутгийг төв суурин газар эзэлдэг. Төв суурингийн 441.6 га газар хог ургамлаар бүрхэгдсэн. Дархан сумын хэмжээнд ургаж байгаа хог ургамлын 75%-нь шарилж луулийн төрлийн ургамлууд байна гэсэн судалгаа байдаг. Манай аймагт ихэвчлэн цагаан лууль, урвуу гагдай, хүрэн ягаан ноной, ишгэн шарилж төрлийн хог ургамлууд зонхилон ургадаг. Урин дулааны улирал ирж хог ургамал ургах цаг эхэлж буйтай холбогдуулан “Ногоон хот” аяны хүрээнд шарилж устгалын бодис цацах, хадах, зүлэг мод тарих, модны тогоон дахь шарилжийг хэрхэн устгах талаар "Абая Гарден" ХХК шарилж устгалын мэргэжлийн байгууллагаас сургалт, мэдээлэл хийж байна. Сургалтад гэр хорооллын багуудын 50 гаруй хэсгийн ахлагч нар оролцож байна. Мөн өнжмөл шар өвсийг шатаах нь хөрс чийгээ алдаж хуурайших, мөн шимт хар болон бор шороон нимгэхэн давхарга хатаж, гэмтэх эрсдэлийг дагуулдаг гэж мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.



