Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн ээлжит форум “Европ, Монголын хотуудын хамтын ажиллагаа” сэдвээр Белги Улсын Брюссель хотноо энэ сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэргүүн туршлага солилцох форум нь дээд түвшний, олон талын оролцоотойгоор явагдсан. Форумд Эрчим хүч, уур амьсгалын асуудлаар нэгдсэн дэлхийн хотуудын дарга нарын хэлэлцээр (GCoM), Хотын шилжилтийн хөтөлбөр (UTM) байгууллагуудын олон улс, бүс нутаг хариуцсан захирлууд оролцож Монгол орны байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн мэдээллийг авсан байна. Монголын орон нутгийн засаг захиргаад уур амьсгалын төсөл, хөтөлбөрт хэрхэн хамрагдах, төслийн шаардлага хангахад дэмжлэг болох сургалт, аргазүйгээр дэмжин хамтарч ажиллах талаар ярилцжээ.
Форумаар дараах асуудлыг анхааран хэлэлцсэн байна.
• Уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх Стратегийн олон түвшний түншлэлийн эвслийн (CHAMP) үйл ажиллагааг НАЙРАМДАЛ төслөөр дамжуулан хот, бүс, орон нутгийн хөтөлбөрт тусган, бодлого, хэрэгжилтэд өргөн нэвтрүүлэх
• GCoM-ийн Европ болон Азийн хотуудад үзүүлэх дэмжлэгийн танилцуулга. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй хамтран ажиллах
• Уур амьсгал, эрчим хүчний асуудлаар нэгдсэн дэлхийн хотын дарга нарын хэлэлцээрт (GCoM) Төв, Сэлэнгэ аймгууд гишүүнээр нэгдэх
• Хотын шилжилтийн хөтөлбөр (UTM), тус хөтөлбөрийн хотын санхүүжилтийн чиглэлээр хийж буй холимог санхүүжилтэд анхаарсан үндсэн үйл ажиллагааны товч танилцуулга, Монголын хотуудын тогтвортой шилжилтийг санхүүжүүлэх талаар ярилцжээ.
EU Delegation to Mongolia



