Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол ардын нам, Арчилсан нам, Бие даагчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан, нам иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн санал, иргэдийн төлөөлөгч нараас гаргасан саналыг үндэслэн боловсруулж, хуулийн хугацаанд аймгийн ИТХ-ын даргад өргөн барилаа.
Аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 01-А/455 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь өнгөрсөн хугацаанд 4 удаа хуралдаж, нийт 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж 33 байгууллагаас 301 санал авч шаардлагатай саналуудыг АЗДҮАХ-ийн төсөлд тусгажээ.
Иргэд, ААНБ, ИТХ-ын төлөөлөгчдөөс нийт 4962 саналыг ирүүлснийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган Орон нутгийн хөгжил ба бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 4 бүлгийн хүрээнд нийт 27 зорилго, 74 зорилт, 115 үйл ажиллагаатайгаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна.
Аймгийн ИТХ хуульд зааснаар нэг сарын дотор аймгийн ЗДҮАХ-ийн төслийг хуралдаанаараа хэлэлцэн батлах юм.



