Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 3 дугаар хуралдаанд өнөөдөр /2024.12.20/ аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Батчулуун “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” асуудлыг танилцууллаа.
Дархан-Уул аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөмж” болон Монгол улсын Засгийн газрын 2024 оны 92-р тогтоолоор батлагдсан "Газар зохион байгуулалт хийх журам"-н дагуу хэрэгцээт байдлын үнэлгээ болон газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан бөгөөд Ерөнхийгөөс-Нарийвчилсан руу чиглэсэн мэргэжлийн үндсэн суурь зарчмын хүрээнд Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон бусад хүчин төгөлдөр хэрэгжиж буй улс, орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тулгуурлан 2025-2040 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба 172 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Уг төлөвлөгөөг 2040 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд газар дээр суурилсан эдийн засгийн цогц бодлогын хүрээнд газрыг тогтвортой, системтэйгээр ашиглах, иргэдийн газар эзэмших ашиглах эрхийг хангах, хот сууринг тэлэх, газар тариалангийн бүс нутгийг нэмэгдүүлэх, ойжуулах, хадлангийн газрын хил заагийг тогтоох зорилтуудыг дэвшүүлжээ.
- ОНЦОЛБОЛ:
Аймгийн хэмжээнд хаягдлын цэгийн талбай нийт 758.68га газар байгаа бөгөөд эрүүл ахуйн бүсийн талбай 485.05га газар төлөвлөгдсөн.
Дархан хотын хогийн цэгт удаан хугацааны турш уугилт явагдаж суурьшил бүхий газарт сөрөг нөлөө үзүүлж байгаа тул шинээр хогийн цэг байгуулах нөөц бүсийг Бэрх уулын орчимд 28.28 га газрыг төлөвлөснөөс гадна Хонгор сумын Салхит багт 106.32га газрыг хогийн цэгийн нөөц бүсээр төлөвлөсөн. Төлөвлөсөн нөөц бүсүүдэд хогийн цэг байгуулах асуудал нь хуулийн хүрээнд ТЭЗҮ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсний дараа ашиглах нөхцөл бүрдэх тул хуучин хогийн цэгийг хог хаягдлын нэгдсэн менежментийн төлөвлөгөөний дагуу ашиглах юм.



