Ойрын өдрүүдэд цас хялмаалж хот доторх авто замд халтиргаа гулгаа ихсэж байна. Дархан хотын тохижилт үйлчилгээний газраас энэ оны анхны цас орж эхэлснээс хойш 36 тонн давс, 228 мкуб хайрга, 13 тонн бодис цацаж ашиглажээ.
Өнгөрсөн 2-3 хоногт цас орсон өдрүүдэд нар гарахгүй бүрхэг, цацсан давсанд байгалийн хайлалт үүсэхгүй байгаа учир халтиргаа гулгаа улам нэмэгдэж байгаа юм.
Дархан хотын хэмжээнд гэр хорооллын дундах авто зам, төв замууд 4 эгнээ болон өргөсөж ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан 2 ширхэг тусгай зориулалтын техникийг шинээр авч хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байна.
Цас орсон үед авто зам дээр өдөрт дунджаар 10-12 тонн давс цацаж байна. Зам талбайн 4 хэсэгт тохижилт үйлчилгээний нийт 60 ажилтан замын цэвэрлэгээ үйлчилгээнд ажиллаж байна.
Халтиргаа гулгаа ихссэнээс осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаа тул жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсөө цэвэрлэхийг уриалж байна.



