Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа болон ИТХ-ын Хөгжлийн хороодын дарга нар өнөөдөр /2024.12.09/ Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбарын хариуцан ажилладаг Дархан хотын Улсын онц чухал объектуудын хамгаалалтын нөхцөл байдалтай танилцав. Улсын онц чухал объект болох Цэвэр ус ундны хангамжийн эх үүсвэрээс 90 метр зайд олон нийтийн байгууламж байрлах нь Монгол Улсын Усны тухай хуулийн гуравдугаар бүлэг 22.1.-т ”Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2.-т ”Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.3.-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэсэн заалтуудыг зөрчжээ.
Тиймээс Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбарын хамгаалалтад байх Улсын онц чухал объектын торон хашааг шинэчлэх шаардлагатай байгааг аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Нацагдорж, Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбарын захирагч, хошууч О.Ганданпилжээ нар танилцууллаа. Уг асуудалд Төлөөлөгчид анхаарал хандуулж, Хурлын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ гэв.



