Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 4-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 33 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөцийн томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 125 дуудлага хүлээн авчээ.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2025 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ ДАХИН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу Төвийн бүсийн аймгуудын /Дархан, Сэлэнгэ, Төв/ бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс зээлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс дахин 30 хоног хүлээн авч эхэллээ.
ХХААХҮ-ийн Сайдын баталсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд БИЧИЛ ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн төслийн материалыг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээн авч, Жижиг, дунд үйлдвэрийн газар нарийвчилсан судалгааг хийж, Төсөл сонгон шалгаруулах дэд хороо санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэнэ.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн оройны 17:30 цаг хүртэл
Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
✅Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, /Үүнээс 40 хүртэл хувийг эргэлтийн хөрөнгөд зарцуулж болно./
✅Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
✅Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
✅Зээлийн хүү : 5 хувь (жилийн)
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хотоос орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
Экспортод чиглэсэн кластерын үйлдвэрлэл;
Баяжуулсан болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;
Уул уурхайн ханган нийлүүлэлт;
Зам дагуух тохилог үйлчилгээг нэвтрүүлэх;
Цагаан алт хөдөлгөөн;
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;
Шинэ хоршоо хөдөлгөөн
Холбоо барих: ЖДҮГ-ын 77485555-1 /Зээл, төслийн газар/
Төв аймаг: 90094169
Дархан-Уул аймаг: 99855557
Сэлэнгэ аймаг: 88992979 дугаарын утсаар авна уу.
ӨНЖМӨЛ ШАР ӨВСИЙГ ШАТААХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байдаг. Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
Сонгон шалгаруулалтын зар
Шалгаруулалтын нэр: Үерийн хамгаалалтын доторлогоотой ил сувгийн хана засвар, үйлчилгээ (Дархан-Уул, Дархан сумын 9,10,12,13,15 дугаар баг) ажлын гүйцэтгэгчийг сонгох
1. Үерийн хамгаалалтын доторлогоотой ил сувгийн хана засвар, үйлчилгээ (Дархан-Уул аймгийн Дархан сумын 9,10,12,13,15 дугаар баг) ажлын гүйцэтгэгчийг сонгох ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тул энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү ажил үйлчилгээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
3. Сонирхсон аж ахуйн нэгж байгууллагууд гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
А. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх, гэрээ ажил хүлээлгэн өгсөн акт
Б. Ажиллах боловсон хүчний чадварын мэдээлэл ирүүлэх
В. Ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх график, төлөвлөгөө
- Улсын бүртгэлийн гэрчилгээний, тусгай зөвшөөрлийн хуулбар
- Байгууллагын ерөнхий танилцуулга
- Татварын байгууллагын тодорхойлолт (Ажлын урилга зарлагдсанаас хойш байдлаар ирүүлэх)
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт (Ажлын урилга зарлагдсанаас хойш байдлаар ирүүлэх)
4. Сонирхсон аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох материалыг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Мөн шаардлагатай мэдээллийг нээлттэй авч болно.
Хаяг: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Нутгийн удирдлагын ордон, 3 дугаар давхар 315 тоот өрөө,
Утас: 70378832
БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНЭЭС 36,8 ТОНН ХОГ ТӨВЛӨРЧЭЭ
Сар бүрийн эхний 7 хоногийн бямба гарагийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарласан. Энэ сарын бүх нийтийн цэвэрлэгээний өдөр 2025 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр зохион байгуулагдлаа.
Цэвэрлэгээнд Дархан сумын хэмжээнд нийт 18 багийн 443 аанб, 40 сөх, 1695 иргэн, 460 байршлын үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж баг сумын 140 албан хаагч оролцож ажиллалаа.
Дархан хотын Хог тээврийн газар цэвэрлэгээнээс гарсан 16 рейс, 36,8 тонн хог хаягдлыг Бараат цэг рүү татаж, 14 машин, 2 зөөврийн, 15 жолооч, 18 ачигч ажиллав.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ОРЛОГЧ, ОБЕГ-ЫН ДАРГА ХОШУУЧ, ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Хошууч, генерал Г.Ариунбуян Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцах, аймгийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Онцгой байдлын газар, салбар нэгжүүдийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Аймаг орон нутгийн удирдлага, Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл аймгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, амьдрах орчныг сайжруулах зорилгоор олон төрлийн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж, шийдвэрлэж буйн сайшаалтай байгааг тэрээр онцоллоо. Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга бие бүрэлдэхүүнд дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
- Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох гамшгийг тэсвэрлэх чадавхыг олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх;
- Ерөнхий боловсролын сургуулиудад заадаг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, оюутан, сурагч, хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох ажлыг хэрэгжүүлэх,
- Гамшгаас урьдчилан сэргийлэхэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн “Пүрэв” гарагт аюулгүй байдлыг үнэлэх дадлыг хэвшүүлэх;
- Хавсарсан гамшгийн үед, тухайлбал гэнэтийн газар хөдлөлт, түүнээс үүдэлтэй цахилгаан эрчим хүч, дулаан тасарсан зэрэг нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаарх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
- Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аймаг, сумын хэмжээнд шаардагдах малын эм, бэлдмэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж, тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнийг дагасан тандалтыг тогтмол хийх;
- Орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэх;
- Хаврын улиралд тохиолддог хүчтэй салхи, шуурга, ой, хээрийн түймэр, шар усны үерийн аюулт гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах;
- Цаг агаарын гамшигт, аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд бүх төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуурхай тогтмол хүргэх, холбогдох байгууллагуудыг мэдээ мэдээллээр хангах, иргэд олон нийтэд мэдээлэл дамжуулах системийг сайжруулах;



