Ажлын хэсэг ДДЦС ТӨХК-ийн инженерүүдтэй уулзалт хийж, Үнсэн сангийн байдалтай газар дээр нь танилцлаа.
Тус байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөндөө 93 ажил тусгаснаас 92-ийг бүрэн дуусгасан 1 ажил үргэлжилж байна, гүйцэтгэл 99%-тай байгаа гэлээ. Шарын гол, Багануураас нүүрс татан төвлөрүүлсэн. Зарцуулалтын 27 хоног, өвлийн их ачааллын үеийн 16 хоногийн нөөцтэй, шатах тослох материал, солярка, мазут жилийн нөөцтэй байна. 92 төрөл бүхий 2,1 тэрбум төгрөгийн аюулгүйн болон аваарын нөөц бүрдүүлэлт 91,08%-тай байгаа гэж Ерөнхий инженер Б.Батжаргал танилцууллаа. Өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах Эрчим хүчний хоёрдогч эх үүсвэртэй болох, Турбин генератор болон Уур усны коллекторыг шинэчлэх саналаа УТХО-аар шийдвэрлүүлэхээр уламжлаад ажиллаж байгаа юм байна. Харин орон нутагтаа шийдвэрлэх тулгамдаж буй асуудлаар Үнсэн сан болон Тэжээлийн кабелийн трасстай холбоотой асуудлыг нэрлэж байна.
Нэмэлт мэдээлэл: Өнөөдрийн байдлаар ажилд 5 зуух, 3 турбингенератор, бэлтгэлд 2 зуух, 2 турбингенератор байгаа бөгөөд 2 зуух засварт байна. Цахилгаан эрчим хүчний горим 52 МВт, дулааны эрчим хүчний горим 79/53 хэмээр халаан Дархан хотын хэрэглэгчдийг дулаан, хэрэгцээний халуун усаар ханган ажиллаж байна. ДДЦС ТӨХК 2025-2026 оны өвлийн их ачааллыг амжилттай давах бэлтгэл ажлын хүрээнд ээлжит бүрэн зогсолтыг 6 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд хийж, 61 бригадын 425 хүн 386 ажлыг 98,7%-тай хийж гүйцэтгэсэн.



