Ажлын хэсэг аймгийн хот суурин газар, дэд бүтэц, эрчим хүчний байгууллагуудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөв байдалтай газар дээр нь танилцлаа.
ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөндөө нийт 123 нэр төрлийн ажил төлөвлөжээ. 111 ажлыг бүрэн хийж, 8 ажил явц дундаа, хугацаа нь болоогүй 4 ажил, гүйцэтгэл 90%-тай байна. Аваарын нөөцөд 66 нэр төрлийн 47,0 сая гаруй төгрөгийн аюулгүй болон аваарын нөөцийг 100% бүрдүүлжээ. Өвөлжилттэй холбоотой тулгамдсан асуудал одоогоор байхгүй гэж ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Э.Равжаадэлгэрэх болон удирдлагын багийнхан танилцууллаа. Тус байгууллагаас өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар олгохгүй байх, иргэд амь нас, гэр бүл, эд хөрөнгөө эрсдэлт байдалд оруулахаас урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах саналыг тавьлаа. Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа дэд бүтцийн байгууллагууд, мэргэшсэн экспертүүдийн оролцоотойгоор нэгдсэн бодлогын бичиг баримт боловсруулах шаардлагатай байгааг хэлж хамтран ажиллах санал тавьсан ба тус байгууллагын зүгээс бүрэн дэмжиж хамтран ажиллана гэлээ.
Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Д.Амгаланбаяр, хорооны гишүүн, Төлөөлөгч Д.Элдэвсайхан, Л.Тамир, Г.Лхагважаргал болон аймгийн Засаг даргын Зөвлөх Я.Бат-Очир, Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.Ганбаяр, Зөвлөх инженер Ч.Батжаргал нар ажиллав. Мөн хурлын Ажлын албаны мэргэжилтэн Д.Гантулга, М.Хулан нар байлаа.
Нэмэлт мэдээлэл: Дээрх байгууллагын суурилагдсан хүчин чадал 452.8 МВА юм. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 28 сум, суурингийн 46 мянга гаруй айл өрх, 7200 ААНБ-ыг цахилгаан эрчим хүчээр хангадаг.



