Өнөөдөр /2025.10.16/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хорооны гишүүд компанийн үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. ДСЦТС ХК-ийн Ерөнхий инженер тэргүүтэй хэлтсийн дарга удирдлагууд хорооны гишүүдэд их, урсгал засвар техник зохион байгуулалтын арга хэмжээ, дэд станц хуваарилах байгууламжийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажлуудаа танилцуулж өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын хүрээнд хамгаалалтын зурвасын дэглэм зөрчиж газар олголт хийгдсэн 423 айл өрх байгаа бөгөөд шугам сүлжээ баригдсаны дараа энэ мэтчилэн газар олгож байгаа нь асуудал дагуулж байгаа учраас түгээх сүлжээ компани болон Газрын алба харилцан уялдаатай хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.
Харин хорооны гишүүдийн зүгээс аймгийн хэмжээний гэрэлтүүлгийн сүлжээг нэгдсэн зохион байгуулалтад оруулах Arcgis програмтай уялдуулах чиглэлээр хамтран ажиллах санал гаргасан бөгөөд цаашлаад Дархан-Уул аймгийн Эрчим хүчний бодлогын бичиг баримтыг боловсруулж ИТХ-аар батлуулах зорилгоор ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар санал хүргүүллээ.



